ЗУУХАН ЦЕХ
ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
Зуухан цехийн зорилго: Станцын найдвартай аюулгүй ажиллагаа болон тоног төхөөрөмжийн үр ашигтай ажиллагааг хангахад оршино.
Зуухан цех нь үйл ажиллагааны стратегийн зорилтын хүрээнд дулаан үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаандаа
- ДҮТ-өөс өгсөн горимыг барьж, чанартай дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг хангах.
- Засвар үйлчилгээг график, төлөвлөгөөний дагуу зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.
- Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөж ажиллах.
- Үндсэн тоноглолын эвдрэл саатлаас шалтгаалсан зогсолт гаргахгүй байх зорилтыг тавин ажиллаж байна.
Зуухан цех нь Түлш дамжуулах цехээс ирсэн нүүрсийг хүлээн авч туузан нүүрс тэжээгчээр дамжуулан зуухны галын хотолд шатаан, нүүрсний шаталтын дулааны энергийг ашиглан дулааны эрчим хүч үйлдвэрлэн хэрэглэгчдийг дулаанаар тасралтгүй найдвартай хангах үүрэгтэй. Тус цех нь тус бүр 116МВт-ын завсарын циклонтой эргэлдэх буцалгах давхаргад түлш шатаах технологи бүхий QXF-116-1.6-130/70-AII маркийн усан халаалтын 3 ширхэг зуухтай. Нэг зуух нь 1651тн/ц ус халаах бөгөөд 3 зуух бүрэн хүчин чадлаараа ажиллавал нийт 4300 тн/ц ус халаах хүчин чадалтайгаар хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр ханган ажиллах боломжтой. Мөн зууханд шатаасан нүүрсний шаталтын бүтээгдэхүүн болох үнс, шлакийг нарийн үнсний бункер /600м3/ болон шаарганы бункер /170м3/-т нөөцөлж цистерн машинаар тээвэрлэн ДЦС-4-ын үнсэн санд хаяна. Зуухан цех нь цехийн дарга, инженер техникийн ажилтан 2, ээлжийн дарга 4, зуухны машинч 8, туслах тоноглолын машинч 8, насосны машинч 4, зуухны тоног төхөөрөмжийн засварчин 6, гагнуурчин 3, үйлдвэрлэлийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтан 2, худгийн эргүүл 1, нийт 39 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна. Тус хамт олон сүүлийн жилүүдэд зуухны өөрчлөлт, шинэчлэлт, нэмэлт тоног төхөөрөмж суурилуулах зэрэг ашигт ажиллагааг сайжруулах талаар олон чухал ажлыг хийж гүйцэтгэсэн. 2021-2022 оны халаалтын улиралд нийтдээ 277463тн нүүрс зарцуулж, 757955Гкал дулаан үйлдвэрлэсэн байна.
Tweet