Амгалан дулааны станц ХХК-ийг өргөтгөх санал Сайдын зөвлөлийн хурлаар дэмжигдлээ.

Амгалан дулааны станц нь хотын дулаан хангамжийн сүлжээг 3000 тн/цаг орчим усаар зохих горимын дагуу хангаж ажилладаг. Амгалан дулааны станц болон нийслэлийн зүүн чиглэлийн хэрэглэгчдийг хэсэгчлэн цахилгаан эрчим хүчээр тасалсан үед цахилгаан эрчим хүчний хангамж бүрэн тасалдах эрсдэлийг бий болгодог. Иймд тус дулааны станцын дэргэд 50 МВт-ын өргөтгөл хийснээр  зүүн чиглэлийн онц чухал объектуудыг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах боломж бүрдэхийн зэрэгцээ 105 Гкал/ц дулааны эрчим хүчний эх үүсгүүр нэмэгдэж тэр орчны хэрэглэгчид төвлөрсөн дулаан ханамжийн системд холбогдсоноор халаалтын зуухнуудын ажиллагааг зогсоож  байгаль орчин, агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэх болно.  Шинэ ТЭЦ нь жилд 275 сая кВтц ЦЭХ 576 мянГкал дулаан үйлдвэрлэх ба ЦЭХ-ний өөрийн өртөг 32.82 төг/кВтц, дулаан үйлдвэрлэлийн өөрийн өртөг 41783,0 төг/Гкал болно. 

Амгалан дулааны станц 4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 01-ний хооронд тэг зогсолт хийж ажилчид сул зогсолтод хамрагдан цалингийн 60 хувиар цалинтай амардаг. Дулааны цахилгаан станц болгон өргөтгөснөөр жилийн туршид тасралтгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сул зогсолтгүй болж ажилчдын хөдөлмөрийн хөлсний хувьд ч илүү үр ашигтай болох үндэслэл бий болж, тус байгууллагын нэгж бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах боломж бий болно.

ӨРГӨТГӨХ БОЛОМЖУУД.

1. Газрын хувьд.

Амгалан дулааны станцыг 260 т/ц уур үйлдвэрлэх чадалтай эргэлдэх буцлах давхаргад нүүрс шатаах технологи бүхий 2 зуух,  50 МВт чадалтай 1 турбогенератор бүхий үндсэн тоноглол, конденсатор, нам даралтын 3, деаэратор, өндөр даралтын 2 халаагуур, градирен, насосууд зэрэг туслах тоноглолуудтай нь өргөтгөхөд шинээр газар нэмж чөлөөлөх шаардлагагүй, өөрийн эзэмшлийн газар дээр барих бүрэн бололцоотой байна (Хавсралт үзэх). Өргөтгөлөөр баригдах шинэ ДЦС нь суурь болон хувьсах горимд ажиллах болно.

Уг станцыг 50  МВт чадалтай дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станцаар өргөтгөхөд түлш дамжилга болон утааны янданг өргөтгөхгүйгээр ашиглах бүрэн боломжтой. Харин одоо байгаа нүүрсний агуулахыг баруун тийш нь өргөн 20 м, урт нь 130 м хэмжээгээр өргөтгөх хэрэгтэй. 

2. Усны хэрэглээ, боловсруулалт.

Шинээр баригдах станцын хими ус цэвэрлэгээний нийт хүчин чадал нь  дотоод хэрэгцээний усны алдагдлыг оруулж тооцоход 150 т/ц болж байна. Иймд одоо байгаа худгуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр нийлбэр хүчин чадал нь 41,6 л/с байх 2-3 худаг гаргах шаардлагатай болно. Иймээс ус хангамжийн шинэ эх үүсвэрийг тодорхойлох гидрогеологийн нарийвчилсан хайгуулыг хийж хөрсний усыг нэмэлтээр ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, мөн Коко-колагийн үйлдвэрийн технологийн хэрэгцээнээс 20 м3/ц ус Амгалан ДС-ын ойролцоо явсан шугамаар хаягддаг тул энэхүү усыг техникийн ус хангамжинд ашиглах боломжийг судалж хэрэгжүүлэх, техникийн усны 500 м3 багтаамжтай бак дахин 1 ширхгийг нэмж суурилуулах шаардлагатай.

Одоо ашиглаж байгаа тус бүр нь 50 т/ц  бүтээмжтэй “63650 F96A3” загварын ус зөөлрүүлэх төхөөрөмж дээр нэмээд 3 ширхэг ижил загварын зөөлрүүлэх төхөөрөмж суурилуулан өргөтгөх, мөн сүлжээний нэмэлт усны деаэраторын хүчин чадлыг  дахин гурван (3) деаэратораар буюу  300 т/цаг хүртэл өргөтгөх байдлаар Амгалан ДЦС-ын дулааны сүлжээний нийт усны алдагдлыг нөхөх боломжтой байна.

3. Нүүрс, Үнс.

Амгалан дулааны станцын өргөтгөлийн ДЦС-ын үндсэн түлш нь Шивээ-Овоогийн нүүрс байх бөгөөд үнс, шааргыг тус тусад нь хуурайгаар вакуум системээр тээвэрлэх арга харьцангуй бага хөрөнгө оруулалт шаарддаг, усны хэрэглээ бага барилгын материалд ашиглах боломжтой зэрэг давуу талуудтай. Станцын үнс, шааргыг барилгын материал болон цементийн үйлдвэрт ашиглахын тулд тус тусад нь тодорхой хугацаагаар хадгалах агуулах байгуулах хэрэгтэй.

50 МВт-ын хүчин чадалтай нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц түүний үндсэн болон туслах тоноглолын дулааны автоматжуулалт нь  тоноглолын аюулгүй, найдвартай, эдийн засгийн үр ашигтай ажиллагааг хангах, хянах, хэмжих, удирдах, хамгаалах иж бүрэн системийг ашиглах болно.

4 Сүлжээний насос.

Дулааны станцыг өргөтгөхөд сүлжээний усны насос нэмж суурилуулах шаардлагагүй, одоо байгаа насосууд бүтээмж ба үүсгэх түрэлт нь шинээр татах дулааны шугаманд хангалттай хүрэлцэхээр байна.  ДС-ын одоо байгаа 900 мм диаметртэй коллекторыг хэвээр үлдээж түүнтэй зэрэгцээ ТЭЦ дээр мөн 900 мм диаметртай коллектор сонгож тэдгээрийг перемычкээр холбосон зэрэгцээ угсарч ажиллуулна. ТЭЦ-ын сүлжээний халаагуураас нэг, ДС-ын зуухнуудаас тус бүр нь 500 мм диаметр бүхий гурван шугам гарах ба тэдгээрийг хоёр коллекторт хоёр хоёроор нь холбож болно.

5. Цахилгаан.

Амгалан дулааны станц дээр 1х50 МВт-ын турбогенераторыг 110/10 кВ-ын 63 МВт хүчин чадал бүхий ил хуваарилах байгууламжаар дамжуулан 110/10 кВ-н Амгалан дэд станцтай AC-240/39 хөндлөн огтлолтой нэг хэлхээт болон хоёр хэлхээт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар төвийн эрчим хүчний системд холбогдох үеийн горимын тооцоог ДҮТ хийсэн. Амгалан дэд станцын 110 кВ-ын шинээс гарсан Амгалан ДС-ын 110 кВ-ын “Дулаан” дэд станцын 110 кВ-ын шинд нэг хэлхээт болон хос хэлхээтээр АС-120/19, АС-150/24, АС-24/39 төрлийн 110 кВ-ын ЦДАШ-аар холбогдох үеийн горимын тооцоог хийсэн. Нүүрсний агуулахыг кабелийн хүчний 8 хос кабелийн трасыг станцын зүүн талаар хашааны хажуугаар өөрчлөх замаар шийдвэрлэж болно. 

Улаанбаатар хотын эх үүсвэрийн дутагдалтай зүүн хэсэгт 50 МВт-ын генератор  холбогдсоноор нэгдсэн сүлжээний хамгийн эмзэг цэг болсон ИХБ-4 дээрх   АТ-1 (2) ачааллах хувийг бууруулах, мөн Улаанбаатар хотын ЦЭХ-ний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаатай холбоотой АШ-109,110 болон АШ-105,106-ыг ачааллах хувийг бууруулах, түүнчлэн N-1 горимын нөхцлийг тодорхой хэмжээнд дээшлүүлэх боломжтой байна.  

50 МВт-ын генератор 110/10 кВ-ын Дулаан дэд станцын 110 кВ-ын шинд холбогдсоноор одоогийн АС-120/19 төрлийн дамжуулагчтай АШ-129,130 өвөл болон зуны ачааллын горимд тус бүр зөвшөөрөгдөх хэмжээнд буюу хэт ачааллахгүй байна. Иймээс энэхүү 50 МВт-ын генератор холбогдсоноор одоогийн шугамын нэвтрүүлэх чадварт сөргөөр нөлөөлөхгүй байна.

ШИНЭЭР ӨРГӨТГӨХ ЗУУХ, ТУРБИН БАЙГУУЛАХ ТАЛБАЙ S=8190m2

ХӨРГӨХ ЦАМХАГ БАЙГУУЛАХ ТАЛБАЙ  S=2322m2