УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ХУРАЛДААН 2021.02.20
"Хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95%-ийг, гуравдугаар сарын 10-наас танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ".
Улаанбаатар хотод тогтоосон хөл хориог 2021 оны хоёрдугаар сарын 23-наас сулруулж, үйлчилгээний байгууллагуудаа нээх болсон тухай УОК-оос мэдээлж байна.
УОК, Засгийн газраас нийслэлийн иргэдийг шинжилгээнд хамруулж дуусаад хоёрдугаар сарын 23-наас хөл хориог сулруулан бүх төрлийн барааны дэлгүүр болон зах, үзвэр үйлчилгээ, амралтын газар зэрэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээж эдийн засгаа дэмжинэ гэж шийдвэрлэжээ.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "УОК-оос цар тахлын үеийн зохион байгуулалт бодлого шийдлийг гаргаж, шаардлагатай арга хэмжээг авч байна. Монгол Улсын засгийн газар эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа эрчимжүүлэх ажлыг халдвар хамгааллын дэглэмээ сахин зэрэг явуулах байр суурьтай байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ хүрээнд 12 хоногийн хугацаанд "Нэг өрх-нэг иргэн" PCR шинжилгээг зохион байгуулж байна. Бидний гурван үе шаттай авч хэрэгжүүлэх арга хэмжээний эхний хэсэг. Харьцангуй үр дүнтэй зохион байгуулагдаж байгаа.
Хоёрдугаарт иргэдээ вакцинжуулах ажлын бэлтгэлийн хангаж байна. Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтын ажил эхэлнэ.
Гуравдугаарт хоёрдугаар сарын 23-наас ажил, амьдралын хэвийн горимд шилжих буюу ААН-үүдийн 95%-ийн үйл ажиллагааг эхлүүлэх, тэдгээртэй холбоотой дэглэм, журмыг бэлэн болголоо.
Энэ хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын бодлого шийдвэр үргэлжлэн хэрэгжинэ. ААН-үүдийн 95%-ийн үйл ажиллагаагаа хэвийн явуулна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг түвшинд шилжүүлж байгаа. Хэвийн горимд шилжиж байгаатай холбогдуулан цар тахлын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журмыг боловсруулж дууслаа. Ингэснээр онцгой комиссын байгууллагууд шат, шатандаа ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх болон уялдаа холбоо сайтай, тодорхой дүрэм журмыг мөрдөж ажиллана. Журмыг боловсруулахад 13 чиглэлийн 86 байгууллага оролцлоо.
Гамшгаас хамгаалах тухай хуульд зааснаар гурван зэрэглэлд ангилж байна. Тухайлбал төрийн байгууллагууд аль зэрэглэлд байх, хязгаарлах үйл ажиллагааг ч тодорхой болгосон.
Дөрөвдүгээр түвшин буюу улаан: Энэ нь бидний өнөөдрийн байгаа хөл хорионы зэрэглэлийн түвшин.
Гуравдугаар түвшин буюу шар: Халдвар голомтот тархалттай.
Хоёрдугаар түвшин буюу шар: Зөөвөрлөгдсөн буюу алаг цоог тархалттай. Хоёрдугаар сарын 23-наас бид шар түвшин рүү орно. Ингэснээр зарим халдвар голомтолсон газар хэсэгчилсэн хязгаарлалт хийнэ. Үүнээс бусад тохиолдолд ААН, хуулийн этгээдийн үйл ажиллагаа хэвийн явагдана.
Түвшин бүрт ААН, байгууллагын баримталж ажиллах зарчмыг тодорхой зааж өгсөн. УОК болон эрүүл мэндийн байгууллагаас халдварын тархалт эрсдэлийн үнэлгээнд суурилан түвшинг зарлана. Энэ үед түвшинд заасны дагуу үйл ажиллагаа явуулах юм. Иргэн, ААН-үүдийг хариуцлагажуулж байна. Бүгд хичээж ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
Гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль болон бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ.
Иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна. Хөдөө орон нутагт дотуур байр, хичээлийн танхимыг халдваргүйжүүлэх зэргээр бэлтгэл ажлыг сайтар хангана. Нийслэлд ч ялгаагүй. Гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль болон бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ. Энэ хугацааг хүртэл хүүхдүүдийг халдварт өртөх эрсдэлээс хамгаалах бэлтгэл ажлыг хийх юм.
Ингэхдээ ногоон бүсийн буюу халдваргүй аймаг, сумдын бүх шатны боловсролын байгууллагуудыг 2021оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс танхимаар шат дараатай хичээллүүлж эхэлнэ.
Цахим хичээл үргэлжилж байгаа хэдий ч олон айлын хүүхэд хичээлдээ цахимаар хамрагдаж чадахгүй байгаа учраас үе шаттайгаар нээх гэж байна. Хүүхдэд вакцин хийх боломжгүй. 18-аас доош насны хүүхдэд вакцин хийхгүйг та бүхэн мэдэж байгаа. Нийслэл хотод цар тахлын 150 гаруй голомт байгаа. Эрсдэлтэй нөхцөлд яг өнөөдөр танхимын сургалтыг эхлүүлэх боломжгүй. ААН-үүдийг зэрэг нээж байна. Энэ 10-14 хоногийн хугацаанд ямар эрсдэл гарч болзошгүйг тооцохын зэрэгцээ ямар бэлтгэл хангахыг маш сайн зохион байгуулж байж сургууль, цэцэрлэгээ нээнэ гэж ойлгож болно.
Шинэ вирус буюу мутацид орсон вирусийн бүсээс ирж буй иргэд 14, бусад аюулгүй орчноос ирж байгааг нь 10 хоног тусгаарлана.
Гадаадад байгаа иргэдээ татан авна. Гурав, дөрөвдүгээр сард 12-14 нислэгээр татаж авна. Ирж байгаа иргэддээ гурван төрлийн тусгаарлах байрнаас сонголт хийх боломж бий болгож байна. Ирсэн иргэдээ 10-14 хоног тусгаарлана. Шинэ вирус буюу мутацид орсон вирусийн бүсээс ирж буй иргэд 14, бусад аюулгүй орчноос ирж байгааг нь 10 хоног тусгаарлана. Цаашдаа гэрээр тусгаарлаж, цахим эмчилгээ болон зөвлөгөө өгөх замаар иргэдийг аль болох гэрт нь тусгаарлах зохион байгуулалтыг хоёрдугаар сарын 23-наас эхэлж хийнэ.
ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн вакцин хийлгэсэн гадаадын болон дотоодын иргэний гар утсанд аппликэйшн суулгана. Гэрт нь тусгаарлахдаа цахим технологиор хянаж, зөвлөгөө мэдээлэл өгнө.
Гадаадаас иргэдээ татаж авахдаа 250 болон түүнээс дээш суудалтай агаарын хөлгөөр авна. Энэ хүрээнд иргэддээ тодорхой хэмжээний тийзийн хөнгөлөлт үзүүлнэ" гэв.
Хоёрдугаар сарын 23-наас дараах чиглэлийн үйл ажиллагаанаас бусад нь тусгайлсан журмын дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримтлан нээгдэхийг тодотголоо.
- Уралдаан тэмцээн
- Аялал зугаалга /гэр бүлээс бусад/ 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалгыг хориглоно
- Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
- Диско баар
- Цахим тоглоомын газар, Хүүхдийн тоглоомын газар.
Үйл ажиллагааг нь нээхгүй дээрх таван салбарт эрүүл мэндийн байгууллагын хийсэн эрсдэлийн үнэлгээг үндэслэн хязгаарлалтыг сулруулах эсэхийг тодорхойлж явна.