Сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэрийн нээлт боллоо.

Улаанбаатар хотын зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлтийн ажиллагаа өнөөдөр  /2020.12.08/ боллоо. Нээлтийн ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл,  УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон бусад албаны хүмүүс оролцсон юм. 

Жилд 600.000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий хоёр дахь үйлдвэрийн барилга угсралтын ажлыг өнгөрөгч тавдугаар сард эхлүүлсэн. Ерөнхий  сайд У.Хүрэлсүх  Улаанбаатар хотод хоёр жилийн өмнөөс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон нь эрсдэлтэй, зоримог шийдвэр байсныг тэмдэглээд энэхүү бүтээн байгуулалтад оролцсон хүмүүст баяр хүргэлээ.  

Зүүн бүсийн үйлдвэр нь 1, 2-р үйлдвэр, Дахин боловсруулах үйлдвэрийн өндөр хүчин чадал бүхий найман шугамаар цагт 90 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай төдийгүй БНСУ-ын дэвшилтэт технологид суурилсан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй гэдгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн түүхий эд хүлээн авах, бутлах, шигших үйл явц нь газар доор байршилтай учир хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Үйлдвэрийн цахилгаан хангамж нь Налайхаас Хөшигийн хөндий чиглэлийн 110кВ /киловольт/-ын шугамаас салбарласан 5.8км агаарын шугам, 110/10кВ-ын дэд станц болон 10/0.4кВ-ын дэд станцуудаас үйлдвэрийн бүс дахь обьектуудыг цахилгаан тэжээлээр хангаж байна.

Мөн зүүн бүсийн үйлдвэр нь түүхий эдээ төмөр замаар тээвэрлэн авах боломжтой. Уг үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад нийт 1056 хүнийг ажлын байраар хангах юм.