Н.Тавинбэх: Цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг сулруулж болохгүй.
Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг хэсэгчилсэн байдлаар сунгасан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан Эрчим хүчний салбарын өргөтгөсөн хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 20.00 цагт цахимаар зохион байгууллаа. Хуралдааныг Эрчим хүчний сайд бөгөөд Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний Улсын албаны штабын дарга Н.Тавинбэх удирдан явуулсан.
Хуралдаанаар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл салбарын хэмжээнд 24 цагийн хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах зэрэг үүрэг даалгавруудыг үйлдвэр, компанийн захирлуудад өгсөн.
Халдвар тархаагүй, бүртгэгдээгүй, тархалтыг хязгаарласан аймгуудад бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06.00 цагаас бууруулж 10 хоног өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд Эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн захирлуудад халдвараас сэргийлэх ажлыг идэвхтэй зохион байгуулахыг үүрэг болголоо.