ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМИЙН НАЙДВАРТАЙ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ “СОНГИНО” ДЭД СТАНЦЫГ ХҮЧДЭЛД ЗАЛГАЛАА.
Улаанбаатар хотын төдийгүй эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх “Сонгино” дэд станцыг /2020.11.25/ ашиглалтад оруулж, хүчдэлд залгалаа.
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хүнд нөхцөлд Эрчим хүчний салбар тусгай горимд шилжин ажиллаж байгаа бөгөөд үүргээ амжилттай гүйцэтгэж, томоохон бүтээн байгуулалтыг байнгын ажиллагаанд орууллаа. Одоогоор техникийн комисс ажиллаж, хүчдэлд залган 72 цагийн туршилт, зүгшрүүлэлтийн ажил хийгдэж байна.
“Сонгино” дэд станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын “Зайсан” дэд станц хоёр талын тэжээлтэй болох төдийгүй найман жил хүчдэлгүй байсан 110кВ-ын “Яармагийн гүүр”, “Шинэ яармаг” дэд станцууд хүчдэлд холбогдож, 110кВ-ын “Их тойруу” систем бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм. Мөн Хөшигийн хөндийд байрлах Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын цахилгаан хангамж үндсэн тэжээлээс холбогдох боломж бүрдэнэ.
Улаанбаатар хотын “ДЦС-4” ТӨХК , Дундговь, Өмнөговь аймаг болон Эрдэнэт, Дархан хотын дэд станцуудаар дамжин ОХУ-ын системтэй холбогдох юм. Үүний зэрэгцээ “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн дамжуулах чадвар мөн 250 МВА-аар нэмэгдэж байна.
Тус дэд станцаас Өмнийн говийн бүс рүү татсан 670 км 220кВ-ын агаарын шугам хүчдэлд холбогдон 220 кВ-ын “Мандал”, “Тавантолгой”, “Оюутолгой”, “Цагаансуварга” дэд станцууд ажиллагаанд орж, уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдлээ.
Мөн Засгийн газрын 100 мянган өрхийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн 3 хуваарилах байгууламж 33 дэд станцыг цахилгаан эрчим хүчинд холбож байна.