М.Баярмагнай: Эрчим хүчний салбарын хэвийн үйл ажиллагаа хамгаас чухал.
Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний Улсын албаны ээлжит хурал боллоо. Хурлыг эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай удирдан явуулсан.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварт (КОВИД-19)цар тахлыг дотроо алдсан Улаанбаатар хот болон Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгуудад үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын нөхцөл байдлыг онцгойлон сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг даалгавар өглөө.
Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай “Эрчим хүчний салбар тогтвортой, хэвийн үйл ажиллагаа явуулах нь манай орны хувьд маш чухал. Айл өрх бүрээс гадна хүнсний болон бусад аж, ахуйн нэгжүүд цахилгаан, дулаантай байж л үйлдвэрлэл явуулна. Ийм хариуцлагатай үед манай салбарын хамт олон цаг алдалгүй зөв төлөвлөлт, зохион байгуулалтад орон ажиллаж байгаа. Энэ эрчээ сулруулж болохгүй. Халдвар батлагдсан аймгуудад асуумжийг тогтмол шинэчлэн явуулж, байнгын холбоотой ажиллах хэрэгтэй. Байгууллага бүр хяналтаа улам чангатган ариутгал, халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутам хий. Анхаарах ёстой чухал зүйл бол үндсэн үйл ажиллагаагаа доголдуулахгүй байхаар санхүүгийн төлөвлөгөө гарган ажиллах хэрэгтэй” гэлээ.
Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын инженер техникийн ажилчид ажлын тусгай горим /ээлжийн уртасгасан цагийн хуваарь/-д шилжин ажиллаж байна. Ингэснээр ээлжийн давтамжийн тоо буурч, халдвар тархах эрсдэл багасах зэрэг давуу талууд үүсэх юм.