Эрчим хүчний салбарын хэмжээнд нөөц эх үүсгүүрийн тоо судалгааг гаргаж, бэлэн байдалд орууллаа.
Эрчим хүчний салбарын хэмжээнд нөөц эх үүсгүүрийн тоо судалгааг гаргаж, бэлэн байдалд орууллаа.
Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний алба өдөр бүр тогтсон цагуудад хуралдаж байна. Өнөөдөр /2020.11.15/-ийн үдээс өмнөх хурлыг эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай ахлан явуулав.
Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниуд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хоёр цаг тутам зохион байгуулж байна. Мөн технологийн үйл ажиллагаанд оролцдог инженер, техникийн ажилчид гаргасан хуваарийн дагуу ээлжээр ажиллаж байгаа юм.
УОК-оос бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэн хугацаанд хэрэгжүүлэх хариу арга хэмжээний удирдамжийн дагуу Эрчим хүчний салбарын хэмжээнд цахилгааны нөөц эх үүсгүүрийн тоо судалгааг гаргаж, байнгын бэлэн байдалд оруулсан байна.
Тээврийн цагдаагийн албанаас өгсөн чиглэлийн дагуу НЗДТГ болон НОК-оос Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн шуурхай ажиллагааны болон албаны тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан үед эрчим хүчний салбарын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд ээлжийн ажилтай ажилчдын хувийн тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөнд оролцох тусгай зөвшөөрөл өгөх хүсэлтийг дэд сайд М.Баярмагнай УОК-т дахин уламжлахаар боллоо. Ингэхдээ ажилчдын хувийн тээврийн хэрэгслийг зөвшөөрсөн маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийж болох саналыг үйлдвэр, компанийн захирлууд гаргасан юм.
Мөн Эрчим хүчний салбарын үйлдвэр, компани тус бүр дээр 24 цагийн хариуцлагатай жижүүр гарган ээлжийн горимоор ажиллаж байна. Ингэхдээ хоёр цаг тутамд Эрчим хүчний яаманд ажиллаж буй төв штабын хариуцлагатай жижүүрүүдэд шинэчилсэн мэдээлэл хүргүүлж байгаа юм.