Цахилгаан, Дулааны эрчим хүч үйлдвэрлэгч, хангагч байгууллагууд тусгай горимд шилжин ажиллаж байна.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд бөгөөд Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний Улсын албаны дарга Н.Тавинбэх салбарын үйлдвэр, компаниудын захирлуудтай шуурхай, цахимаар тогтмол хуралдан шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, үүрэг чиглэл өгөн ажиллаж байна.
Монгол Улсад коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын шинэ тохиолдол илэрснээс хойш тус штаб 24 цагийн байнгын ажиллагаанд шилжин 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өглөөний 07:30 цагт, 12-ны шөнийн 00:00, 02:00, 09:00 цагуудад нийт дөрвөн удаа хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргаад байна. Үүнд:
- Эрчим хүчний салбарын тогтвортой, найдвартай ажиллагааг хангаж ажиллах,
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын батлагдсан тохиолдол шинээр нэмэгдсэнтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын цахилгаан, дулааны эрчим хүчний найдвартай ажиллагааг хангаж ажиллахад онцгой анхаарах,
- Хэрэглэгчтэй шууд харьцдаг байгууллагууд, хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг өндөр түвшинд тогтмол хийж, иргэдэд үйлчлэх
- Цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед салбарын удирдлагууд шуурхай ажиллах, холбооны хэрэгслийн байнгын бэлэн байдлыг хангах,
- Батлагдсан тохиолдлын маршрут, зураглалаар явсан харьяа байгууллагуудын ажилтан, албан хаагчдын судалгааг гаргах,
- 0-12 настай хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг гэрээр ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэх, орлон ажиллах схемийн хүрээнд байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдагдуулахгүй байхаар зохион байгуулах,
- Бүх байгууллагууд ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх,
- Бүх байгууллагууд хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах,
- Нийт ажилчдын халууныг шалгаж, байгууллагаар нэвтрүүлэх,
- Ажилчдыг хамгаалах хэрэгслээр хангах,
- Онцгой байдлын байгууллагуудад яаралтай хүргүүлэх албан бичгүүдийг хүн томилон цаг алдалгүй хүргүүлэх,
- Салбарын нийт ажилчдын дархлааг дэмжих хоол, хүнсээр ханган ажиллах болон бусад заавар, зөвлөмжүүдийг өгсөн.
Төв штабаас салбарын үйлдвэр, компаниудын хариуцлагатай жижүүр нарт хоёр цаг тутамд холбогдох мэдээлэл өгч, чиглэл өгөн ажиллаж байна. Мөн ажлын байран дээр маск тогтмол зүүж байгаа эсэх, цайны цагаар хоолны газарт зөвшөөрөгдсөн хэмжээг барьж байгаа зэргийг шалгаж байгаа юм.
Улаанбаатар хотын хэмжээнд салбарын үйлдвэр, компаниудын ажилчдын судалгааг гаргаж, 0-12 настай хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийг болон технологийн ажиллагаанд шууд оролцохгүй албан хаагчдыг гэрээс нь ажиллуулж байна. 2020.11.12-ны өдрийн 08:00 цагийн байдлаар Улаанбаатар хот дахь эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын нийт 10,603 ажилчдаас 1,316 ажилтан ажлын байран дээр 7,653 ээлжийн хүлээлтэд 3,721 ажилтан бэлэн байдалд байна.