ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ХЭРЭГЛЭГЧДЭД ХАНДАН ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА.

         

        Аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журамд өөрчлөлт оруулан 50 хувиар хөнгөлж байсныг 100 хувиар тооцож хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод 117 мянган айл өрх, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудад 72 мянган айл өрх, нийт 189 мянган гэр хорооллын айл өрх 100 хувийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болж байна. Гэр хорооллын хэрэглэгчдэд үзүүлэх тарифын хөнгөлөлт нь агаарын бохирдлыг бууруулах, мөн гэр хорооллын айл өрхийн хэрэглэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх гол зорилготой. Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тарифт хөнгөлөлт үзүүлснээр 220 В-ын хүчдэлийн түвшинтэй 1 өрх сард дунджаар 80000 төгрөгийн, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй 1 өрх сард дунджаар 160000 гаруй төгрөгийн хөнгөлөлт авах бүрэн боломж бүрдэж байгаа юм. Энэ шийдвэр 11-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдэд хандан зөвлөмж гаргажээ.