Эрчим хүчний салбарын өргөтгөсөн шуурхай хуралд Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн төлөөлөгчид оролцдог болов.
Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын ээлжит өргөтгөсөн шуурхай хурлыг цахим хэлбэрээр явууллаа. Цахим хуралд төрийн болон орон нутгийн өмчит 43 байгууллага оролцов. Мөн энэ удаагийн хуралд Сэргээгдэх эрчим хүч /СЭХ/-ний эх үүсвэрүүдийн удирдлагууд оролцлоо.
Үйлдвэр, компани тус бүр 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан байдал, Үйлдвэр компаниудын санхүү, эдийн засгийн байдал /өр авлага, зардлын хэмнэлтийн талаар/, өнгөрөгч өргөтгөсөн шуурхайгаас өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын нийт үйлдвэр, компанийн удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- Өвлийн бэлтгэл хангах ажлыг 2020 оны 10 дугаар 01-ний өдрийн дотор дуусгах;
- Харьяа компаниудын засварын ажлын гүйцэтгэлийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төвөөс томилж ажиллуулах;
- Төлбөр, тооцоонуудыг эрэмблэх;
- Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үзлэгийг сард нэгээс доошгүй удаа зохион байгуулах;
- Орон нутгийн болон төрийн өмчит дулааны станцуудын одоогийн нөхцөл байдлыг тогтоож, цаашид авах арга хэмжээг тодорхойлох ажлын хэсгийг томилох;
- Мэргэжлийн холбоод, тусгай зөвшөөрөл эзэмшигчидтэй хийсэн уулзалтын биелэлтийг гаргаж танилцуулах, дараагийн уулзалтуудыг зохион байгуулах;
- Томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажлыг эрчимжүүлэх /Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын өргөтгөл, Сонгино дэд станцын төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч, барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд ажиллагаанд залгах/;
- Ковид-19” цар тахлын үеийн онцгой дэглэмийг сахиж ажиллах;
- “Тавантолгой Түлш” ХХК-ийн зүүн үйлдвэрийн барилга угсралтын ажлыг хугацаанд нь дуусгах;
- Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулж ээлжит бус үзлэг хийж, гарсан зөрчлийг цаг тухайд нь арилгах, дүнг Эрчим хүчний яаманд нэгтгэж танилцуулах;
- Үйлдвэрлэлийн осол гаргахгүй ажиллахад онцгой анхаарч ажиллах;
- Иргэдэд үйлчилдэг байгууллагууд цахим орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллах;
- Өглөг, авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэхийг тус тус үүрэг болголоо.
- Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын удирдлагуудын өргөтгөсөн шуурхай хуралд гүйцэтгэх захирлууд биечлэн байх, хурлын бэлтгэл ажлыг сайн хангаж оролцохыг сайд Н.Тавинбэх анхаарууллаа. Мөн цаашид хэвийн горимд ч өргөтгөсөн шуурхай хурлыг тогтмол цахимаар зохион байгуулах нь эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэдгийг сануулав.