ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Эрчим хүчний сайдын зөвлөлийн ээлжит хурал 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр боллоо. Хурлаар “Ковид-19” цар тахлын үед улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой Эрчим хүчний салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлдвэр, компаниудын санхүү эдийн засгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Эрчим хүчний сайдын тушаалаар Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайгаар ахлуулсан “Ковид-19” цар тахал гарсантай холбогдуулан цахилгаан эрчим хүчний хэрэглээ буурч, эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын 2020 оны эдийн засгийн үзүүлэлт, зорилтот түвшингийн төсөл арга хэмжээний төлөвлөгөө биелэгдэхгүй, зорилтот түвшингийн төсөл арга хэмжээний төлөвлөгөөний тодотголын саналыг хянах чиг үүрэг бүхий ажлын хэсэг, Сайдын зөвлөх П.Товуудоржоор ахлуусан Эрчим хүчний салбарын эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын санхүү, эдийн засгийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий ажлын хэсэг тус тус байгуулагдан ажилласан бөгөөд тус ажлын хэсгүүд хамтарсан дүгнэлтээ сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ.
Тус ажлын хэсгийн гишүүн, Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ тухайн асуудлаар танилцуулга хийж, хэлэлцэх асуудалтай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулуун, “Диспетчерийн Үндэсний Төв” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням болон ажлын хэсгийн гишүүд байлцлаа.
“Ковид-19” цар тахлаас холбоотой үүссэн эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор горимыг оновчтой төлөвлөх, үйлдвэр, компаниудыг зардал болон өглөг, авлагаа бууруулах, хэмнэлт гарахад анхаарах чиглэл, үүрэг даалгавар, зөвлөмж өглөө.