Ц.ДАВААСҮРЭН: ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНДЭЭС ИЛҮҮ ЭРХ АШИГ БАЙНА ГЭХЭЭР ГАЙХААД БАЙХ ЮМ
Бид энэ удаагийн ярилцлагын буландаа УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг урьж, салбарын үйл ажиллагаа болон цаг үеийн зарим асуултад хариулт авлаа.
-Таньд шинэ оны мэнд хүргэе. Мөн бидний ярилцлагын урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлье. Яриагаа 2019 оны ажлын үр дүнгээр эхлэе. Бодлого, баримт бичгийн хүрээнд болон үйлдвэрлэлийн чиглэлд ямар том ажлууд хийгдсэн бэ?
Салбарын хүрээнд хийгдсэн хамгийн томоохон ажлаас дурьдая гэвэл тэргүүн эгнээнд сүүлийн хориод жилийн хугацаанд үе үеийн Засгийн газрын тархины өвчин болж ирсэн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад бодитой нөлөөлсөн хоёр ажлаа нэрлэх байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх түүхэн шийдвэрийг гаргасны дараах нэг жилийн хугацаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барьж ашиглалтад оруулан, нийслэлийн дөч гаруй мянган айлын цахилгааны хэрэглээг 4 квт-аар нэмэгдүүлэн цахилгаан халаагуур ашиглах боломжийг бий болгож өгсөн нь нийслэлийн агаарын бохирдлыг эрс бууруулан Улаанбаатарын оршин суугчдыг аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгож өгч байна. Өнгөрсөн 2019 оны хувьд Эрчим хүчний салбарыг 2018-2023 онуудад хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн жил байлаа. Энэ хүрээнд, найдвартай, тогтвортой, бие даасан эрчим хүчний системийг байгуулах суурь ажлууд хийгдэнэ. Тухайлбал, Эрдэнэ-бүрэнгийн 90 МВт-ын Усан цахилгаан станц, нийслэлд 100 МВт-ын батарей хуримтлуурын станц барьж байгуулах ажлуудын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, энэ онд ажлыг эхлүүлэхээр болоод байна. Өнгөрсөн зун Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, УИХ-аар батлуулснаар тусгай зөвшөөрлийн замбараагүй олголтод цэг тавьж, хэрэглэгчдэд очих үнийн дарамтыг багасгах хууль, эрх зүйн боломжийг нээж өглөө. Ингэснээр иргэдийг бухимдуулж буй эрчим хүчний үнийн өсөлтөд шууд нөлөөлж буй дэмжих тариф өсөхгүй, цаашид тогтвортой байх нөхцөл бүрдэж байгаа юм. Эрчим хүчний хэрэглээ жил бүр дундажаар 70-80 МВт-аар өсөж байна.
Энэ хэрэглээг хаах хүрээнд ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Дулааны 4-р цахилгаан станцын №1-4-р турбингенераторыг шинэчлэх төслийн эхний ээлжийн хоёр турбингенераторыг шинэчлэн 50 МВт-аар хүчин чадлыг нь нэмэгдүүлж, Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Дарханы дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар өргөтгөх ажлыг дуусган ашиглалтад хүлээн авлаа. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсад анхны болох 330 кВ-ын Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам ашиглалтад орсноор Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгой болон Өмнийн бүсийн бусад уул уурхайн орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Сэргээгдэх эрчим хүчний хүрээнд Сүмбэрийн 10 МВт-ын, Бөхөгийн 15 МВт-ын нарны станцууд баригдаж ашиглалтад орлоо.Мөн Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Дорнодын дулааны цахилгаан станц гээд хэд хэдэн нэмэлт эх үүсвэрүүдийн өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлээд байна.
-Шинэ оны өмнөхөн шилжилтийн горимын хяналт, мэдээлэл удирдлагын нэгдсэн системийг танай салбар нэвтрүүлсэн. Системийн хэрэглээ, боловсон хүчин, эрчим хүчний салбарт нөлөөлөх давуу тал юу юм бэ?
-Энэхүү WAMS систем нь эрчим хүчний системийн тогтворжилтыг хянах, түүнийг хангахад чиглэсэн систем юм. Системийн тогтворжилтод гол нөлөөллийг цахилгаан станц, дамжуулах сүлжээ хоёр үзүүлж байдаг. Тиймээс WAMS систем нь цахилгаан станц, цахилгаан дамжуулах сүлжээг хамарна. Одоогоор энэ систем нь ТЭЦ-4-ийн 7 генератор, ТЭЦ-3-ийн 9-р генератор, мөн “ЦДҮС” ТӨХК-ийн гол зангилаа 16 цэгийг хамарсан 24 цэг дээрээс мэдээлэл авч байна. Хэрэв манай сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийн шинэ системд ажиллаж байгаа эрчим хүчний үйлдвэрүүдийн бүх генераторууд, систем үүсгэгч бүх шугамуудын 2 төгсгөлийг уг системд хамруулна гээд 120 орчим цэг хамрагдахад бид өөрийн эрчим хүчийг томографаар харж байгаа мэт оношилно. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд бид эрчим хүчний системээ Эхо-гоор хянадаг байсан бол одоо томографаар хянадаг болсон хэрэг. Нэгэнт системийн оношилгоо хийгдсэн тохиолдолд эмчилгээндээ орно. Хаана ямар тохируулгын төхөөрөмжүүд суурилуулах, яаж удирдах, ямар автоматикууд суурилуулсанаар тогтворжилтыг хангах, оношилгооны үр дүн тооцоотой хэр нийцэж байгааг шалгах, тооцооны загвараа сайжруулах зэрэг ажил хийгдэнэ. Энэхүү WAMS систем нь горим тохируулга хийж, системийн гэмтсэн хэсгийг тусгаарлан таслаж, тогтворжилтыг хангах арга хэмжээг авч байгаа реле хамгаалалт, аваар эсэргүүцэх автоматикийн үйл ажиллагаа, горимын тооцоо судалгаа шинжилгээ хийдэг хэсгүүдийн үйл ажиллагаатай шууд холбоотой ажилладаг. Мөн сэргээгдэх эрчим хүчний нөлөөллийг тодорхойлж түүнд зохицсон арга хэмжээг төлөвлөж чадсанаар ногоон эрчим хүчний хөгжилд маш эерэгээр нөлөөлнө. Одоогоор энэ систем бол хамгийн орчин үеийн чиг хандлага бүхий ухаалаг систем юм. Энэ системээ цаашид улам л хөгжүүлж эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангана. Хүн гар утсаар ярихаас гадна өөр олон функцыг ашигладаг шиг энэ ухаалаг систем нь манай мэргэжилтнүүдэд олон боломжийг бий болгож өгнө. Бид орчин үеийн технологийг нутагшуулан WAMS системийг ашигласнаар судалгаа шинжилгээ, горим тооцоо хийх, тогтворжилтыг хангах, аваар эсэргүүцэх төвлөрсөн автоматикийн систем, диспетчерийн удирдлага дээр дэлхийн хөгжлийн түвшинд хүрэх нөхцөл бий болж байна. Энэхүү системийг нэвтрүүлсэн нь “Ухаалаг эрчим хүч” жилийн хүрээнд хийгдсэн нэг гол ажил болсон.
-Зайлшгүй ярих сэдэв бол агаарын бохирдол. Жилийн хугацаанд бодит үр дүн гарлаа. Эрчим хүчний салбарын оролцоо юу байсан бэ?
-Энэ хүрээнд манай салбарынхан сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барьж байгуулах, нийслэлийн дөч гаруй мянган гэр хорооллын айл өрхийн цахилгааны хүчин чадлыг 4 кВт хүртэл нэмэгдүүлж халаагуур ашиглах боломжийг бүрдүүлэх ажлуудын хийсэн талаар дээр дурдсан.
Мөн нийслэлийн агаарын бохирдолд ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлж байсан 400 гаруй нам даралтын зуухыг дулааны нэгдсэн сүлжээнд холбох, шүүлтүүр тавих ажлуудыг хийлээ. Түүнчлэн 2017 оноос эхлэн Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрийг 100 хувь, аймаг болон 10 мянгаас дээш өрхтэй сум, суурин газрын айл өрхүүдийн цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрийг 50 хувь хөнгөлөх ажлыг хэрэгжүүлж ирсэн. Эдгээр арга хэмжээнүүдээс харсан ч нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын гол ачааллыг манай салбарын хамт олон нуруундаа үүрч байна. Сайжруулсан шахмал түлшний “Таван толгой түлш” ХХК нь нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангах үүрэг хүлээн ажиллаж байна. Тус үйлдвэр нь жилд 600000тн шахмал түлш үйлдвэрлэж нийслэлийн өвөлжилтийн жилийн хэрэглээг хангах юм. Одоо хоногт 3000 гаруй тн сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж дундын агуулах болон түгээлтийн цэгүүдэд хүргүүлж байна. Сайжруулсан шахмал түлшний стандартыг Стандарт Хэмжил Зүйн газрын Техникийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулан, гадна дотны лабориторуудын шинжилгээнд хамруулан хянаж, нягталсан тул ахуйн хэрэглээнд ямар ч сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй нь нотлогдсон. Нийслэлийн 6 дүүргийн 23 хорооны нийт 41,964 айл өрхийг 4 кВт чадлын цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлж өгсөн нь агаарын бохирдлыг бууруулахад маш том түлхэц болохуйц ажил болсон.
-Гэхдээ энэ ажлыг харлуулах сонирхолтой бүлэг хүмүүс ч байна. Олон янзын баримт бичиг ч үзүүлж байна. Энэ бүхнийг та юу гэж бодож байна? Улс төрийн байдаг ч юм уу? шалтгаан байна уу?
Миний нэг гайхаад байгаа зүйл наадах чинь шүү. Улс төржихөөрөө ажил хийхгүй байна, агаарын бохирдол хэрээс хэтэрлээ гэж хашгирчихаад бодитой бууруулсан арга хэмжээ авахаар элдэв аргаар нурааж, зогсоох гээд гүйчихнэ. Иргэдийн эрүүл мэндээс илүү эрх ашиг байна гэхээр гайхаад байх юм. Олон нийтэд таалагдаад, сонгуульд илүү оноо авчихна гээд л бухимдаад байдаг юм уу? Ний нуугүй, жаахан хэтрүүлэгтэй хэлбэл, “Утаанд угаартаж үхчих вий дээ” гэхийн оронд ”Тоо нь нэмэгдэхээр сэдэв болгоё” гэсэн санаа цухалзуулаад байх шиг санагдсан шүү. Уг нь олон нийтийн эрүүл мэндэд нааштай алхам, ач холбогдолтой арга хэмжээг нийтийн эрх ашгийн төлөө дэмжээд, хамтдаа л зүтгэмээр юм. Мэдээж хэрэг шинэ ажилд бидний туршлага дутах ч юм уу, мэдэхгүй зүйл, алдаа дутагдал гарна. Түүнийг засахад нь тусалж, сэтгэлийн дэм өгсөн бол баярлах байлаа. Шинэ зүйл дээр их дарамтад ороод ирвэл эргэлзэх, үр дүнгийг нь харахгүй болгоомжлоод зогсоож ч мэдэх юм шиг санагдсан. Хамгийн хүндээр туссан асуудал бол угаартаж хүний амь эрсдэхэд сайжруулсан түлштэй холбосон явдал. Харин үүний үр дүнд өнгөрсөн хугацаанд ийм байдлаар иргэн амь эрсдэхэд ”Нүүрсэнд угаартчихаж” гээд хайхардаггүй байсан бол одоо төр анхааралдаа оруулж, наад зах нь нүүрсний угаарын дохиолол авч өгөх боллоо. Асуудал хүндрээд эвгүй тийшээ хандвал “тэр Ерөнхий сайд, хариуцсан сайд нь хаана байна огцруулна” гээд л, гайгүй болоод үр дүн гараад ирвэл таг чиг, сайшаах зүйл огт байхгүй, ийм л нийгэмд бид амьдарч байна. Хүн чанаргүй, увайгүй, адгийн улс төр энэ нийгэмд чинь хөгжөөд байна.
-Нийслэлийн зүүн бүсэд нэмж үйлдвэр барих, цаашлаад зарим суурьшил ихтэй орон нутагт технологийг нь нэвтрүүлэх ажил яригдаж эхэлсэн гэв үү?
Саяхан шинэ жилийн баярын үер Налайх дүүргийн “Хос уянга” сургуулийн 6а ангийн сурагчид Ерөнхий сайд бид хоёрын нэр дээр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулж өгсөнд баяр хүргээд, Налайх дүүргийн агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн захидал ирүүлсэн байсан. Харин бяцхан дүү нар маань бидний ажлыг үнэлсэн. Тэгэхээр Монголын маань ирээдүйн иргэд бол хүнийг зөв үнэлдэг, хөгжлийг зөв хардаг болохоор байгаа биз. Тэд ирээдүйд албан тушаал, эрх ашгийнхаа төлөө муу муухай зүйл хийхгүй юм байна гэдэг итгэл надад төрсөн. Саяхан Засгийн газраас нийслэлийн дагавар суурьшлын бүсүүдийн утаа, агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх зорилгоор хотын зүүн бүсэд жилдээ 600.000тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэр барих шийдвэрийг гаргасан. Шинэ үйлдвэртээ илүү өндөр технологиор түлш үйлдвэрлэх зорилгыг тавьж байгаа. Эхний хагас жилд багтаан барилгын ажлыг дуусгаж, ирэх 9 дүгээр сар гэхэд туршилт тохируулгыг хийж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ер нь ирэх жил илүү өндөр технологиор хийгдсэн шахмал түлшийг нийлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа гэдгийг хэлье. Ингэснээр агаарын бохирдлыг 70 хувь бууруулах боломж бүрдэнэ. Орон нутгийн томоохон суурьшлын бүсүүдэд түүхий нүүрснээс үүдэлтэй агаарын бохирдлын асуудал гарч ирсэн. Тиймээс цаашдаа сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх ажил орон нутагт ч хийгдэх шаардлагатай болж байна. Зарим газруудад эхэлж байна. Харин энэ талаар төрөөс нэгдсэн бодлого гаргах шаардлага байх шиг.
-Та Оюу толгойн гэрээний асуудалд хурц шүүмжлэгч байж ирсэн. Өнөөдөр эргэн харах нөхцөл боломж бүрдээд байна. Таны хувьд ямар өөрчлөлт хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа вэ? Мөн энэ ажил ямар шатандаа явж байна?
Миний байр суурь одоо ч хэвээр байгаа. Гэрээнд өөрчлөлт оруулахад ахиц дэвшил гарна гэх итгэл алга. Энэ УИХ чинь Оюу толгойн мөнгийг Монголоор оруулдаг болох шийдвэрийг Валютын сангийн шахалтаар гээд хүчингүй болгож, оруулахгүй байх шийдвэр гаргасан биз дээ. Энэ чинь Рио тинтотой хамтарч улс орныхоо эрх ашгийг худалдсан хүмүүс энэ Их хуралд олонх байна л гэсэн үг. Ийм нөхцөлд яаж нааштай өөрчлөлт гарах билээ. Энэ нэг хэдэн юм хашгараад хаа хол явах бэ, ямар шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чадах биш гээд л бардамнаад сууж байгаа. Ялангуяа тэд ирэх сонгуулиар улам олуулаа хүчтэй болж, Засгийн газарт дийлэнх болж, Рио тинтод хамгийн ашигтай 2021-2025 онуудад хамгаалах үүргээ гүйцэтгэхээр төлөвлөж, хоёр талаасаа хүчтэй бэлтгэж байгаа. Өөрөөр хэлбэл, ирэх сонгуулиар Рио тинтод үйлчилдэг нь үү, эсвэл эсэргүүцдэг нь олонх болох уу гэдгээс Оюу толгойн цаашдын хувь заяа шийдэгдэнэ.
-Монголын Улсын газар нутгаар хийн хоолой барих асуудал эцэслэн шийдэгдээгүй байна. Монгол Улс болон ОХУ байр суурин дээрээ нэгдсэн. Одоо энэ ажил ямар түвшинд явж байна? Хятадын тал байр сууриа илэрхийлсэн үү?
Өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Орос Улсаас Хятад Улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэхийг “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерт үүрэг болгосон. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 оны 12 дугаар сард ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэг хооронд Оросын хоолойгоор дамжуулах хийг Хятад Улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр нийлүүлэх төслийг хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулаад байна. Оросын Холбооны Улсын Эрчим хүчний яам болон “Газпром” компанийн холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн Оросын талын ажлын хэсэг, Монгол Улсын Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан Эрчим хүчний яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн Монголын талын ажлын хэсгүүд 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Москва хотноо анхны уулзалтаа хийгээд байна. Хоёр талын ажлын хэсгийн уулзалтаар төслийн техникийн хэсгийг боловсруулах, эдийн засгийн үр өгөөжийг тооцох болон ОХУ, БНХАУ, Монгол Улсын гурван талт уулзалт зохион байгуулах талаар дэлгэрэнгүй ярилцсан. Ерөнхий сайдын ОХУ-д хийсэн айчлалын үеэр миний бие ОХУ-ын Эрчим хүчний Сайд А.В.Новактай уулзаж Монгол Улсын нутаг дэвсгэрээр байгалийн хий дамжуулах хоолойн асуудлаар БНХАУ-ын талтай яриа хэлцэл хийх, ажлыг эрчимжүүлэх тал дээр хоёр талаас хамтран ажиллахаар ярилцлаа. Одоогийн байдлаар Монгол Улсын Эрчим хүчний яам БНХАУ-ын талтай хийх уулзалт зохион байгуулахад анхаарал хандуулж, гурван талт уулзалтыг ойрын хугацаанд Улаанбаатар, эсвэл Бээжин хотноо хийхээр төлөвлөн ажиллаж байна. Иймд ойрын хугацаанд БНХАУ-ын талтай байгалийн хий дамжуулах хоолойн асуудлаар яриа, хэлцэл хийх, гурван улсын ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулах, Монгол Улсын Эрчим хүчний яам, БНХАУ-ын Үндэсний Эрчим хүчний газар хооронд Монгол-Хятадын эрчим хүчний хамтын ажиллагааны төлөвлөгөөний санамж бичиг байгуулах асуудалд Эрчим хүчний яамнаас анхаарал хандуулан ажиллаж байна.
-Сүүлийн асуулт. 2020 онд эрчим хүчний салбарт хийгдэх ажлын төлөвлөгөө, хүлээж буй зорилтын талаар танилцуулаач. Тавантолгойн станц барих асуудал ямар шатандаа явна?
2020 онд хийгдэж дуусах болон эхлэх олон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд байгаа. Эндээс онцлон дурьдвал, Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх, Эрдэнэ-бүрэнгийн 90 МВт-ын Усан цахилгаан станц, Улаанбаатарт 100 МВт-ын батарей хуримтлуурын станц барих төслийн ажлуудыг хэрэгжүүлж эхэлнэ. Ингэснээр зүүн бүс болон баруун бүсийн өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэглээг хангах, түүнчлэн айл өрх, аж ахуйн нэгжийг найдвартай, тогтвортой эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэнэ. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачааллын хэлбэлзлийг тохируулах 100 МВт-ын хүчин чадалтай цэнэг хураагуурын станц барих төсөл бол маш чухал ажил юм. Энэ хуримтлуурын станц нь Төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний найдвартай, тогтвортой ажиллагаа, горимын зохицуулалтад эерэг нөлөө үзүүлж, томоохон саатлаас буцаан сэргээх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, импортын цахилгаан эрчим хүчний хэмжээг бууруулах, гадагш чиглэх валютын урсгалыг багасгахад чухал ач холбогдолтой төсөл болно. Мөн Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35МВт-ын өргөтгөл ашиглалтад орсноор үйлдвэрийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 65,04 төгрөгөөр буурч, 120 мянган хүн амтай хотын дулааны хэрэгцээг хангах нөхцөл бүрэн нээгдэх болж байна. Энэ бол Эрдэнэтчүүдийн хувьд том бүтээн байгуулалт байх болно. Дулааны 3-р цахилгаан станцыг тасралтгүй, найдвартай ажиллах, байгаль орчинд ээлтэй, дэлхийн жишигт хүрсэн өндөр хүчин чадалтай дулааны цахилгаан станц болгох зорилгоор өндөр даралтын суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн энэ станцыг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр 250 МВт-аар өргөтгөх ажил ч яригдаж байна. Энэ онд Улаанбаатар хотын Амгалангийн дулааны станцыг 50 МВт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх дулааны цахилгаан станц болгох ажлыг эхлүүлэн үйлдвэрлэлийг жилийн дөрвөн улиралд тасралтгүй явуулж эдийн засгийн хувьд үр ашигтай байх нөхцлийг бүрдүүлнэ. “Оюу Толгой” ХХК БНХАУ-аас эрчим хүч импортолж, жилд ойролцоогоор 173 сая ам.долларыг зарцуулж байна. Оюу Толгой төслийн 2 дахь үе шат хэрэгжиж далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр цахилгаан эрчим хүчний хэрэгцээ 2 дахин нэмэгдэх бөгөөд гадагш урсах валютын урсгал улам нэмэгдэнэ. Тиймээс уг уурхайг дотоодын эрчим хүчний найдвартай эх үүсвэр барьж, эрчим хүчээр хангах асуудал маш чухал ач холбогдолтой болж байна. Манай талаас хамаарах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд хугацаандаа хийгдээд явж байна. Өнгөрсөн зун маш өндөр өртгөөр Улаанбаатар-Мандалговийн 330 кВт-ын өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах шугамыг барьж ашиглалтад орууллаа. Гэтэл Оюу толгой компани өнөөдрийг хүртэл 220 кВт-ын дэд станцтайгаа энэ шугамыг холбохгүй Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн Монгол улсаас эрчим хүч авах үүргээ биелүүлэхгүй, том толгойлон бие даасан тусгаар улсыг дээрэлхээд байж байна. Станцаа барьж ашиглалтад оруулах гэрээгээр хүлээсэн үүргээ ч биелүүлэхгүй, элдэв аргаар зайлсхийх маягаар явж ирлээ.
Бид одоо Эрчим хүчний салбарт ажиллаж байгаа манай компаниудаас ирүүлсэн Таван толгойн станцыг монголчууд өөрсдөө барьж байгуулах саналыг судалж, ойрын үед Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна.