ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН ЖИШИГ ТӨСЛИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөрт туссан үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд
Эрчим хүчний зохицуулах хорооноос Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн эрчим хүчний аудит хийлгэсэн тайлантай танилцаж,
дүгнэлт гаргажээ.
Энэхүү дүгнэлтийг үндэслэн 10 ба түүнээс дээш хувиар хэмнэлт гаргах боломжтой байгууллагуудыг сонгож, хэмнэлтийн чиглэлээр хийгдэх зарим үйл ажиллагааг Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй "Эрчим хүчний үр ашиг 3+” төслийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, эрчим хүчний аудитын мөн чанар, ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, Үүрэг хүлээсэн хэрэглэгчдэд сайн туршлага түгээх, олон нийтэд эрчим хүчний хэмнэлтийн үр өгөөжийг сурталчилах зорилготой энэхүү төсөлд цахилгаан эрчим хүчний томоохон хэрэглэгчийн төлөөлөл болгон Дулааны 2-р цахилгаан станц ТӨХК, уул уурхайн компаниудаас Монголросцветмет ХХК-ны Бор-Өндөр Уулын баяжуулaх үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудаас "Чингис хаан цогцолбор” ХХК-ийг сонгон авч эрчим хүч хэмнэх төслийг хэрэгжүүлээр шийдвэрлэжээ.
Энэ ажлын хүрээнд МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК-ийн Бор-Өндөр Уулын баяжуулaх үйлдвэр -ийн Дулааны станцын усны шахуурганы насосны хөдөлгүүрт дээр давтамж хувиргагч суурилуулах ажлыг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлж дууссантай холбогдуулан тус компанид төслийг хүлээлгэн өгөх уузалтыг зохион байгуулжээ. Уулзалтад Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Э.Түвшинчулуун, Эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал "Эрчим хүчний үр ашиг 3+” төслийн техникийн зөвлөх С.Цэцэгээ, төслийн гүйцэтгэгч талаас Престиж-Электрик” ХХК-ийн захирал Г.Балжинням болон төслийг гардан гүйцэтгэсэн инженер техникийн ажилчид оролцсон байна.
Төслийн хүрээнд 200 кВт-ын 1 ширхэг цахилгаан хөдөлгүүрт давтамж хувиргуурыг суурилуулсан байна. Энэхүү төсөл хэрэгжснээр МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК-НЫ Бор-Өндөр Уулын баяжуулaх үйлдвэр -ийн тухайн тоноглолын хувьд цахилгаан эрчим хүчний хэрэглээг 30 гаруй хувиар бууруулан, жилд 35 гаруй сая төгрөгийн хэмнэлт гаргаж, төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа 1 жил 2 сарын дотор нөхнө гэсэн урьдчилсан тооцоог гарсан байна. Төслийн хүрээнд МОНГОЛРОСЦВЕТМЕТ ХХК-ны "Бор-Өндөр Уулын Баяжуулах Үйлдвэр”-ийн зүгээс уг төслийн анхны хөрөнгө оруулалт болох 37,0 сая төгрөгийн 7,0 сая төгрөгийг төслийг хэрэгжүүлэгч "Монголросцветмет” ХХК-ийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн төслийн ажлыг хэрэгжүүлсэн бөгөөд Эрчим хүчний зохицуулах хороотой байгуулсан гэрээний дагуу тус компани нь төслийг хүлээн авсанаас хойш 12 сарын хугацаанд цахилгаан эрчим хүчний хэмнэлт, үр дүнг Эрчим хүчний зохицуулах хороонд сар бүр тайлагнаж, ажиллах юм байна.