НОГООН САНХҮҮЖИЛТИЙН II ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ХасБанк НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан, Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо болон Байгаль орчин уур амьсгалын сантай хамтран "Ногоон санхүүжилтийн хоёрдугаар чуулган”-ыг Бэст Вэстэрн Туушин зочид буудлын Соёмбо танхимд өнөөдөр зохион байгууллаа.

 

Ногоон санхүүжилтийн II чуулган амжилттай болж өндөрлөлөө

 "Эрчим хүчний хэмнэлт” сэдвийн хүрээнд "Бид дэмжинэ” уриатайгаар явагдсан тус чуулганд Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу эрчим хүч хэмнэх үүрэг хүлээн ажиллаж байгаа, сэргээгдэх эрчим хүчний болон эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, технологи, тоног төхөөрөмжийг худалдан авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорьж сонирхож буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл болон төр засаг, олон улсын байгууллагын төлөөлөл, хувь хүмүүс оролцсон бөгөөд эрчим хүчний хэмнэлт бий болгох арга замууд, түүнийг дэмжих санхүүжилтийн шийдлүүдийн талаар ярилцлаа.

 

Ногоон санхүүжилтийн II чуулган амжилттай болж өндөрлөлөө

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан Ногоон санхүүжилтын II чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Эрчим хүчийг хэмнэж үр ашигтай хэрэглэх нь эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулахаас гадна байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөцийг ариг гамтай хэрэглэх дэлхий нийтийн чиг хандлагатай нийцэж байгаа юм. Ганцхан жишээ дурдахад Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдийн эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах ажлын хүрээнд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр үүрэг хүлээсэн 15 аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүчний жишиг аудитын төслийг хэрэгжүүллээ. Энэхүү аудитын зөвлөмжийн дагуу эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах ба жилдээ 259.7 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч буюу 35.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, хөрөнгө оруулалтын зардлаа дунджаар 3 жилийн дотор нөхөж, нийтдээ 620 гаруй мянган тонн СО2 /хүлэмжийн хий/-н ялгарлыг бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан нь бидэнд эрчим хүч хэмнэх асар их нөөц байгааг илтгэж байна” гэжээ.

 

Мөн эрчим хүчний хэмнэлт, эрх зүйн зохицуулалт, ач холбогдол, Байгууллагын эрчим хүчний удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь, ХасБанкны "Хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийн хөтөлбөр”, Ногоон санхүүжилтийн шалгуур зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдсанаас гадна хүлэмжийн хийг бууруулснаар нөхөн олговор авах боломжийг танилцуулж, ногоон зээл авч амжилттай үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийн бодит туршлагаас хуваалцсанд оролцогчид талархалтай байсан юм.

 

Ногоон санхүүжилтийн II чуулган амжилттай болж өндөрлөлөө

2017 онд ХасБанк Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд баригдах 10 мега ваттын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг барих төслийг Уур амьсгалын ногоон сангийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болсон бөгөөд чуулганы үеэр ХасБанкны Байгууллагын банкны газрын захирал Б.Еркин, төслийн хэрэгжүүлэгч И Эс Би Солар Энержи компанийн Гүйцэтгэх захирал С.Хүрэлбаатар нар Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. Уг төслийн үр дүнд цахилгаан эрчим хүчний сүлжээнд жил бүр 15,395 МВт цахилгаан нийлүүлэх бөгөөд ингэснээр хүлэмжийн хийн ялгарлыг жилд 12,270 тн-оор бууруулаад зогсохгүй 171 сая литр усыг хэмнэх юм.

 

 

Ногоон санхүүжилтийн II чуулган амжилттай болж өндөрлөлөө

 ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болдоо чуулганд хэлсэн үгэндээ "Энэхүү чуулганаар эрчим хүчийг хэмнэснээр байгаль орчинд ээлтэй байгаад зогсохгүй үйл ажиллагааны зардал буурч, үр ашгаа нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй санхүүжилтэд хамрагдах боломжтой гэдгийг оролцогчид маань ойлгож, мэдлэг, мэдээлэл авч, сайн төдийгүй саар туршлагаасаа ч хуваалцаж чадсанд баяртай байна. Өнгөрсөн жилийн анхдугаар чуулганы үр дүнд иргэд, ААН-үүд ХасБанкнаас нийт 8.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авснаар жил бүр 10.3 сая киловатт эрчим хүч хэмнэж, 4,303 тонн хүлэмжийн хийг бууруулж байна. Энэ жилийн чуулган үүнээс ч илүү үр дүнтэй байж, олон мянган иргэн, олон зуун бизнес эрхлэгчид өгөөжөө өгөөд зогсохгүй эх орныхоо үзэсгэлэнт байгалийг унаган төрхөөр нь хадгалж үлдэх, улмаар Монгол Улсын 2016-2030 оны Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.” хэмээн онцоллоо.

 

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газраас Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд 2018-2022 он хүртэл энэхүү хөтөлбөрийг орон даяар бүхий л салбарыг хамруулан хэрэгжүүлэх юм.