ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ БАГАНУУР, ШИВЭЭ-ОВООГИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙД АЖИЛЛАЛАА

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нараар ахлуулсан ажлын хэсэг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд ажиллалаа. Төвийн бүсийн эрчим хүчний системийн нүүрсний хангамжийг бүрдүүлж байгаа дээрх уурхайнуудын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, санхүүгийн хүндрэл, урт болон богино хугацаат өр төлбөр, үүсээд байгаа бэрхшээлтэй танилцсан. Мөн найдвартай ажиллахад шаардагдаж буй техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын асуудлыг судалж нэгдсэн санал дүгнэлтийг Монгол Улсын Засгийн Газарт оруулан шийдвэрлэхээр боллоо. 

“Шивээ-Овоо” ХК жилд хоёр сая тонн нүүрс олборлож Монгол Улсын улсын төвийн бүсийн эрчим хүчний цахилгаан, дулааны 70 гаруй хувийг үйлдвэрлэж буй “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 51 хувийг нийлүүлж байна. Гэвч компанийн тоног төхөөрөмжийн 41.3 хувь нь ашиглалтын хугацаа дуусч, хэвийн найдвартай үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа талаар удирдлагууд нь тайлбарлалаа. Иймд ажлаа оны эхнээс төлөвлөсөн тээвэртэй хөрс хуулалтын ажил 1027.26 мянган м3-ээр тасалдахад нөлөөлсөн аж. Мөн “Шивээ-Овоо” ХК Шивээ-Овоогийн нүүрсний ордод MV-000901 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Бусад талбайг “Эрдэнэс Монгол” ТӨХК болон “Шинэ Шивээ” ХХК эзэмшдэг байна. Тиймээс тус компани “Эрдэнэс Монгол”-оос 250 га газар түрээсээр авч ашиглан, өрийн хэмжээ нэмэгдсээр байгааг хэллээ. Нийт 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй байгаа “Шивээ-Овоо” ХК-ийн удирдлагууд уурхайд ажилласан хоёр сайдад хандаж, техник тоног төхөөрөмж, машин механизмийг шинэчлэхэд зориулж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, нүүрсний үнийг жил бүр үе шаттайгаар бодит өртөгтэй уялдуулан нэмэгдүүлэх эсвэл нүүрсний татаас олгуулах зэрэг асуудлыг тавьлаа. 

Харин Багануурынуурхайн тухайд энэ жил 40 дэх жилийнхээ ойтой золгож байна. Энэ хугацаанд 399.8 сая шоо метр хөрс хуулж, 111 сая тонн нүүрс олборлон борлуулжээ. Анх 1978 онд байгуулагдахдаа жилд 300 мянган тонн нүүрс олборлох хүчин чадалтай байсан Багануурын уурхай өдгөө хүчин чадлаа дөрвөн сая тонн-д хүргэжээ. Монгол Улсын нүүрсний хэрэглээний 50 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 гаруй хувийг дангаараа хангаж байгаа талаар “Багануур” ХК-ийн удирдлагууд дуулгав.

Багануурын уурхайн хувьд гүний усны шүүрэлтийн асуудал, хөрс хуулалтын хоцрогдол, нүүрсний хэрэглээ өсөн нэмэгдэж буйтай холбогдон хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгааг компанийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун хэлсэн юм. Мөн 1990-ээд онд буюу эрчим хүчний салбар хүнд байдалд орсон үед Дэлхийн банкнаас салбарын хэмжээнд авсан зээлийн 40 орчим тэрбум төгрөгийн үлдэгдлийн асуудлыг төрөөс шийдвэрлэж өгвөл “Багануур” ХК цаашид 30-40 жил тасралтгүй хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтойг ч хэлж байлаа.

Багануурын уурхайд маргаантай байгаа лицензийн асуудал 2006 оноос үүдэлтэй. Уг лицензийн талбайд тус ордын нөөцийн 53 хувь буюу 430 сая тонн нүүрсний нөөц байгаа аж. Стратегийн ач холбогдол бүхий тус ордод төрөөс анхаарал хандуулахыг уурхайн удирдлагын зүгээс хүслээ.